1. Оршил
Түүхээс үзвэл барууны анагаах ухаанд эмчийн үүрэг хариуцлагыг Гиппократын тангарагаар тодорхойлж байжээ.
18-19 дүгээр зуунд Томас Перцивал “эмнэлгийн эрх зүй” үндсэн ойлголтуудыг тодорхойлж, улмаар “эмнэлгийн ёс зүй” хэмээх нэр томъёог анх хэрэглэсэн юм.
1847 онд АНУ-ын Анагаах ухааны холбоо Перцивалын тодорхойлолтуудад үндэслэн анхны ёс зүйн дүрмийг баталсан байна[1].
Харин 1970 оноос хойш эмнэлэг, байгууллагуудад ёс зүйн салбар хороод байгуулагдаж эхэлснээр эмнэлгийн ёс зүй хөгжил эхэлсэн байна[3].
2. Ёс зүй, ёс суртахуун, зан суртахуун[4]
“Ёс зүй” (эртний грекийн еthos – оршин буй газар буюу хүний орон байр) хэмээх нэр томъёо нь хүний оюунлаг амьдралын нэн чухал талыг илэрхийлнэ.
Ёс зүй нь хүний амьдралын зан суртахууны нөхцөл ба үйлдлийн төрөлх чанарын тухай эргэцүүллээс бүрддэг байна.
Хүн өөрийн гэсэн төрөлх чанараа хадгалахын тулд нэр төртэй, сайхан аж төрөх ёстой. Эс тэгвэл ярьж сэтгэдэг араатан болж хувирна.
Ёс зүй
Ёс зүй нь ёс суртахууны мөн чанар ба түүний олон янзын шинж ба илэрлийг шинжлэн судалдаг шинжлэх ухаан юм.
Ёс суртахуун
Ёс суртахуун нь бие хүний үйлдлийн субьектив хэмжүүр ба үзүүлэлт. Ёс суртахууныг эдүгээ харилцан уялдаа бүхий хоёр талтай авч үзэж байна:
- Бие хүний хувьд шударга, үнэнч, нигүүлсэхүй, нинжин сэтгэл хэмээн тусгайлан авч үзэж болох хүний ёс суртахууны эрхэм зан чанарын тухай тодорхойлолт.
- Бие хүний хоорондын хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, шаардлага ба журмын цогцоор зохицуулагдах хүмүүс хоорондын харилцааны хэв шинж.
Ёс суртахуун нь нэг талаас хүн өөрийгөө муу муухай зүйлээс хязгаарлан барьдаг, өөрийн төрөлх буюу адгуусан шинж бүхий ааш араншинд хориг тогтоож чаддаг, нөгөө талаас өөр бусад хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийгөө золиослох чадвартай болгох явдлаар илэрдэг байна.
Зан суртахуун
Зан суртахуун нь нийгэм ба гэр бүлдээ ёс суртахууны хэм хэмжээг хүн өөрийн үйлээр бодитой хэрэгжүүлэх явдал юм. Зан суртахууны үнэт зүйлс нь бүх хүмүүсийн хувьд нийтлэг бөгөөд хүний оюунлаг, эрхэм дээд зан чанараар илэрнэ. Хүний зан суртахуун хичнээн төгөлдөршинө, нийгмийн хөгжил дэвшил төдий чинээн түргэсэнэ.
Зан суртахуун нь хүнийг хүн чигээр нь байлгах зарчмыг чанд сахих явдалтай холбогдоно.
Зан суртахуунтай байдлын нууц
Хөгжил цэцэглэлтийн өндөр түвшинд хүрсэн улс орнуудын нэгэн нууц нь ард түмнээ дээд зэргийн зан суртахуунтай болгож чадсанд оршиж байна.
Дэлхийн соён гэгээрүүлэлт, хөгжил цэцэглэлтийн охь болсон Европын улс гүрнүүдийн ард түмэн VI зуунаас үүссэн рыцарь ёс биднийг соёлт, эрэлхэг, шударга ард түмэн болгосон хэмээн бахархсаар иржээ.
Дэлхийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэгч гүрэн Япон улс өөрийнх нь ард түмнийг Бүшидо – самурай ёс ийм түвшинд хүргэсэн гэж илэн далангуй үздэг.
Манай умард хөрш БНХАУ ард түмнээ зан суртахуунтай байлгах үйлсэд м.э.ө. VI-V зуунд үүссэн конфуцийн буюу күнзийн сургаалыг бүтээлчээр ашигласаар иржээ.
Тэгвэл Монголчууд бид эдүгээ зан суртахуун муутай болчихсон уу, аль эсхүл 800 гаруй жилийн өмнө одоогоос илүү зан суртахуунтай байсан уу... Ёс суртахуун, зан суртахуун нь хэрэг дээрээ хүнийг хүн ёсоор нь байлгах үнэт зүйлс юм[5].
3. Эмнэлгийн ёс зүйн тулгуур ойлголтууд
Эмнэлгийн ёс зүй нь дараах үндсэн элементээс тогтоно:
Ø Voluntas aegroti suprema lex буюу татгалзах эрх. Үйлчлүүлэгч эмчилгээг сонгох өөрөөр хэлбэл татгалзах эрхтэй байна.
Ø Salus aegroti suprema lex буюу үр ашигтай байх. Эмчийн үйл ажиллагаа зөвхөн үйлчлүүлэгчийн ашиг тусын төлөө байх ёстой.
Ø Primum non nocere буюу хамгийн гол зарчим бол үйлчлүүлэгчид хохирол учруулахгүй байх.
Ø Justice буюу эрх зүйн үндсэн зарчмуудад харшлахгүй байх, товчхондоо бол шударга ёс, эрх тэгш байдал юм.
Ø Dignity. Үйлчлүүлэгч болоод эмчийн тусгаар, халдашгүй байдал.
Ø Informed consent буюу таниулсан зөвшөөрөл. Энэ нь эмч болоод үйлчлүүлэгч хоорондын харилцан итгэлцэл юм.
4. Татгалзах эрх
Энэ нь үйлчлүүлэгчийн эрх зүйн чадамжтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч өөрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах, уг шийдвэрээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварыг бүрэн хариуцах чадвартай байхыг хэлнэ.
Soft paternalism
Эрүүл мэндийн салбарын уламжлалт патерналист чиг хандлагаас ангижрахын тулд юуны өмнө үйлчлүүлэгчийн эрх ашиг, тэр дундаа эмчилгээний арга, тактик болоод эмчлэгч эмчээ сонгох эрхийг нэгдүгээрт тавих нь зүй ёсны асуудал мөн[6].
No comments:
Post a Comment